Миний зүгээс санал болгох стартап, энтрепренершипийн талаарх 5 ном

Миний зүгээс санал болгох стартап, энтрепренершипийн талаарх 5 ном

  • 2020-04-10 17:36
Миний хувьд Humuun Publishing компанийг Чанцаа болон Эрка нартай хамтарч үүсгэн байгуулаад нэгэнтээ 6 сарын хугацааг ардаа орхижээ. Бид гурвын тухайд номыг унших, түүний соёлыг бий болгох, бусдад шинэ мэдлэгийг түгээх алхамд хөтлөгдсөн хүмүүс учир тус компанийг үүсгэн байгуулахаар шийдсэн байдаг. Энэхүү компанийн зорилго нь Дэлхийн шалгарсан шилдэг номуудыг эх хэл дээрээ орчуулж олны хүртээл болгох явдал юм. Түүн дотроо стартап, энтрепренершип, хувь хүний хөгжлийн тухай бүтээлүүд рүү түлхүү орж өөрсдийн томоохон санг бий болгох гэж ажиллаж байгаа билээ. Бид нарын харж байгаагаар одоогийн Дэлхийн эдийн засгийн удаашрал болон тулгараад буй хүнд нөхцөлд стартап, энтрепренершипийн салбарыг хүмүүст ойлгуулах нь чухал юм. Хэдийгээр олон нийтийг хамарсан энэ байдал нь бидний нүдэнд хэцүү мэт харагдаж байгаа боловч эргээд эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгох нөхцөлийн суурийг тавих цаг үе байдаг. Тухайлбал S&P 500 дээрх АНУ-ын компаниудыг харахад тэдний хагас нь хямралын хүнд үед үүсгэн байгуулагдсан байх жишээтэй. Мөн шинийг санаачлагч энтрепренер хүмүүс ямар хэрэгтэйг ойлгож болох юм. Гагцхүү тэдгээр хүмүүс нь яг энэ цаг үеийг ашиглаж өөрсдийгөө хөгжүүлж, шинэ бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, эрсдэл авч, олон улсад өөрсдийгөө гаргах боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тийм ч учраас би энэ нийтлэлээрээ дамжуулан Humuun Publishing болон бусад хэвлэлийн компаниудын эх хэл дээр хэвлэж гаргасан стартап, энтрепренершип, хувь хүний хөгжилтэй холбоотой 5 номыг санал болгож байна. Эдгээр номуудын хувьд зөвхөн миний зүгээс санал болгож буй бүтээлүүд болно. 1. Zero to One (Тэгээс нэгт) Дэлхийд хамгийн шилдэг энтрепренер хүмүүсийн бүлгэм болох PayPal-ын гишүүн Peter Thiel гэдэг хүний бичсэн энэхүү ном монгол хэл дээр орчуулагдаж гарсан нь маш их аз завшаантай. Тухайлбал стартап хийж, амьдралаа өөрчилж, аливаа зүйлийг өөр өнцгөөс харъя гэж байгаа хүнд тохирсон сонирхолтой бүтээлүүдийн нэг юм. Миний тус номоос ойлгож авсан гол зүйл нь Дэлхийд амжилттай яваа хүмүүсийн дагадаг зарчмуудын нэг болох онцгойлох болон эсэргүү үзэл бодлын талаарх ойлголт байсан билээ. 2. Lean Startup (Дэвшилтэт стартап) Манай Humuun Publishing компани энэ номыг зүгээр ч нэг сонгоогүй. Зөвхөн стартапын сэдвээс гадна томоохон корпорациуд хүртэл хэрхэн инновац хийх, хувь хүн өөртөө хэрхэн туршилтын сэтгэхүйг нэвтрүүлэх зэрэг оновчтой аргачлалуудыг тусгасан учир орчуулахаар шийдсэн билээ. Мөн “Lean Startup” нь гарааны бизнес, энтрепренершипийн цагаан толгой гэдгээрээ алдартай гэдгийг та бүхэн мэдэх байх. Манай номыг захиалах бол 80805299! “OkoPodcast” гэж хэлээд 20% хямдралтай авч болно. 3. Startup of you (Та өөрөө стартап) Энэхүү ном нь өмнө дурдсан PayPal-ын гэр бүлийн гишүүдийн нэг болох Reid Hoffman буюу бидний сайн мэдэх LinkedIn компанийн үүсгэн байгуулагчийн бичсэн бүтээл юм. Уг ном нь хувь хүн болон стартап хоорондын ижил талууд, стартапын соёлоос өөрийн амьдралдаа хэрэгжүүлж болох зүйлсийн талаар тусгасан гэдгээрээ олны сонирхлыг татдаг. 4. Principles (Зарчмууд) Ray Dalio-гын бүтээсэн энэхүү номыг манай хамтрагч Асралт саяхан амжилттай эх хэл дээрээ буулгасан билээ. Миний хувьд энэ бүтээлийн талаар олонтаа ярьдаг бөгөөд хамгийн дуртай номуудын маань нэг юм. Учир нь хүн өөрийгөө болон бизнесээ эдийн засгийн хүнд үед хэрхэн авч гарах болон эдийн засгийн зарчмуудын талаар дэлгэрэнгүй дурдаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл амьдралдаа нэвтрүүлбэл зохих эдийн засгийн хуулиуд гэж ойлгож болно. 5. Creativity Inc (Бүтээлч) Миний зүгээс санал болгож буй хамгийн сүүлийн номоор Pixar компанийн үүсгэн байгуулагчдын нэг Edwin Catmull-ын бичсэн “Creativity Inc” гэх бүтээл юм. Уг номд Дэлхийг бүтээлч сэтгэхүйгээрээ тэргүүлэгч Pixar компани хэрхэн бий болсон, Steve Jobs, Bob Iger болон Disney-тэй хэрхэн холилдсон талаарх сонирхолтой түүхийг өгүүлдэг билээ. Мөн байгууллагын соёл ямар байх ёстой талаар дэлгэрэнгүй мэдээллийг томоохон компаниудын туршлагаас судалж мэдэх боломжтой. Эцэст нь хэлэхэд миний зүгээс уншвал зохих монгол хэл дээр хэвлэгдэн гарсан стартап, энтрепренершип, хувь хүний хөгжлийн тухай 5 номыг та бүхэндээ танилцууллаа. Цаашдаа энэ бичвэр нь цуврал нийтлэл болж орох болно. Тиймээс энэ цаг үеийг ашиглаж олон хүний таашаалд нийцэж, дэлхийд танигдаж чадсан дээрх бүтээлүүдийг уншиж өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Удахгүй дараагийн 5 номоор уулзацгаая. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Би ойр ойрхон өөрийнхөө www.Instagram.com/Okod дээрээ дэлгэрэнгүй эдгээр сэдвүүдээр ярьдаг болохоор дагаарай!

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны бүртгэл баталгаажих болно.

Үйлчилгээний нөхцөл

Таны төлбөр төлөгдсөнөөс 3 цагийн дотор манай байгууллагаас тантай холбогдож сургалтад суух зааварчилгааг өгөх болно.